Home » Мэдээ мэдээлэл » “Би замчин”

“Би замчин”

October 25, 2018 5:37 pm by: Category: Мэдээ мэдээлэл, Онцлох мэдээ, Үйл явдлын мэдээ, Фото мэдээ Leave a comment A+ / A-

Хамт олондоо “жижиг” хэмээх тодотголтой Д.Мөнхбаяр нь байгууллагадаа дөрөв дэх жилдээ замчнаар ажиллаж байгаа нэгэн. Арван жилийн 65 дугаар дунд сургуулиа төгсөөд хар бор ажил гололгүй хийж, ажлын дөр овоо суугаад авав. Тогтсон байгууллагад ажиллах боломж ч гарсангүй, олдсоноо л хийж байлаа. Харин 2014 оны зун хамаатныхаа ахын санал болгосноор “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хаалгыг татаж, “замчин” болох нь тэр ээ. Газар шорооны ажил бишгүй хийж явсан ч замчны ажил илүү нарийн чимхлүүр ажиллагаа ихтэй байсан нь түүнд заримдаа хүнд санагдаж байсан гэдэг. Дөнгөж ажилд орсон “будаг нь ханхалсан” шинэхэн замчинд техникч Б.Доржготов нь авто замын ажлын арга барил, онцлогийг нэгд нэгэнгүй зааж сургасны хүчинд тэр хэнд ч гологдохооргүй “замчин” болжээ. Ерөөс хүнийг анхнаас нь зөв чиглүүлж, ажилд сургах нь цаашдын зам мөрийг нь засч, хэн болохыг нь тодорхойлдог билээ. Мөнхбаяр өөрөө ч шинэ залуу ажилтнуудад мэдэх чадах бүхнээ хэлж, туслахыг хичээдэг нь анхны шанг зөв татсаных гэлтэй.

zam_8765

Тэр өөрийн хийж байгаа ажил, гар сэтгэл нийлэн ажилладаг үеийн хэдэн нөхдөөрөө бахархах дуртай. Тэдэнтэйгээ багаар ажиллаж, улсын ажлыг сэтгэлээсээ хийх хамгийн сайхан хэмээн өгүүлнэ. Олон жил хамтарч ажилласан баг гэдэг ямар ч хэцүү ажлын ард төвөггүй гардаг аж. Нэг командаар нэг хүн шиг ажиллахад боломжгүй зүйл гэж үгүй. Аливаа ажлыг эхлүүлээд дунд үед нь явж байхад анх эхлэхэд ямар байснаа эргэн бодоход “бид үүнийг хийсэн, би оролцсон шүү” гэсэн бодол түүний урам зоригийг улам бадраадаг. Тиймээ их ажлын ард гарах хамгийн сайхан.

zam_8769

Ажилд ороод удаагүй байхдаа хариуцсан инженертээ сүрхий загнуулж байсан нь түүний санаанаас гардаггүй. Автобусны зогсоолын ажил гүйцэтгэж байж л дээ. Газар ухаж байтал цахилгааны утас гарч ирэхэд нь жоотуугаараа цохиж байхыг харсан инженер нь кабель ухахдаа маш болгоомжтой байх хэрэгтэй, жоотуугаар далайж биш малтаж ухах ёстойг цаашлаад аюулгүй байдлаа хангаагүйгээс амь насаа ч алдаж болохыг ой тойнд нь ортол хатуухан зэмлээд авсан аж. Тэр цагаас хойш ажил хийхдээ аюулгүй ажиллагаа ямар чухал болохыг ойлгосон гэдэг.

zam_8804

2017 оны хавар түүний амьдралд хүнд гарз тохиосон. 11 жил ханилсан ханиа хүнд өвчнөөр үүрд алдаж ихэр хүү, охин хоёроо хүн болгох хүндхэн ачааг ганцаараа нуруундаа үүрэх болсон юм. Аав ээжийнхээ хашаанд гэр барьж, амьдардаг түүнд ах дүү нар нь дэм болдог ч хэний ч орлож чадахгүй “эхийн хайр”-аар хоёр үрээ дутаахгүй гэж тэр хичээж явна. Авто замын ажил гэдэг жилийн гурван улирал дамнан үргэлжилдэг тул ажлын ид ачааллын үед гэрийн бараа харах нь ховор. Одоо 6 дугаар ангид суралцдаг хүү, охин хоёр нь аль хэдий нь биеэ дааж хоол хийх, гэр цэвэрлэх, хувцас хунараа угаах ажлаа давгүй хийчихдэг болсон аж.

zam_8794

Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдагийн нэгэн адил түүний дотор ч хүүхдүүдээ дулаан байранд тухтай амьдруулахсан гэсэн хүсэл эрмэлзлийн гал буй. Хичнээн ядарч байсан ч гэртээ байх үедээ хүүхдүүддээ амттайхан хоол хийж өгөөд гэр орноо цэмбийтэл цэвэрлэхийг чухалчилдаг. Цөөхөн ч гэсэн өөрийнхөө хөлс хөдөлмөрөөр олсон хэдэн төгрөгөө амьдралынхаа төлөө зүй зохистой зарцуулахдаа тэр аз жаргалтай байдаг. Д.Мөнхбаяр хэнд ч гомдоллож, хэний ч гарыг харалгүй өөрөө бүхнийг босгохоор амьдралын төлөө зүтгэж явна.

zam_6464

“Би замчин” Reviewed by on . Хамт олондоо “жижиг” хэмээх тодотголтой Д.Мөнхбаяр нь байгууллагадаа дөрөв дэх жилдээ замчнаар ажиллаж байгаа нэгэн. Арван жилийн 65 дугаар дунд сургуулиа төгсө Хамт олондоо “жижиг” хэмээх тодотголтой Д.Мөнхбаяр нь байгууллагадаа дөрөв дэх жилдээ замчнаар ажиллаж байгаа нэгэн. Арван жилийн 65 дугаар дунд сургуулиа төгсө Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube