Home » Дүрэм журам » Ёс зүйн дүрэм

Ёс зүйн дүрэм

June 9, 0207 4:08 pm by: Category: Дүрэм журам Leave a comment A+ / A-

 

logo-final-bosoo“УЛААНБААТАР ЗАМ ЗАСВАР, АРЧЛАЛТЫН ГАЗАР” ОНӨААТҮГ-ЫН

 ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Зорилго

  • “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын нийт ажилтнуудын баримтлах шаардлагатай ёс зүйн хэм хэмжээ, зан байдлыг тогтоон хэвшүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил гаргасан ажилтанд хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.
  • Энэхүү дүрэм нь “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын нийт ажилтнуудад хамаарах бөгөөд байгууллагын нэгдмэл чанар, бат бөх соёлыг бий болгох, бэхжүүлэх замаар байгууллагын ёс зүйн хөгжлийн суурь нөхцөлийг бүрдүүлнэ.

Хоёр. Хамрах хүрээ

2.1 Энэхүү ёс зүйн дүрмийг байгууллагын бүх ажилтнууд нийтээр дагаж мөрдөнө.

2.2 Ёс зүйн дүрэмд байгууллагын бусад бодлого, дүрэм, журам, стандартуудад заасан бүх асуудлыг бүрэн хамруулж тайлбарлах боломжгүй тул энэхүү дүрэмд байгууллагын бүх ажилтнуудын дагаж мөрдөх ёстой нийтлэг ёс зүйн хэм хэмжээг хамруулсан болно.

Гурав. Ерөнхий зарчим

Ажилтнуудын ёс зүйн хэм хэмжээг тогтоон мөрдүүлэхэд дараах зарчмыг баримтална.

3.1 Хууль дээдлэх, сахин биелүүлэх

3.2 Удирдах, удирдуулах

3.3 Үнэнч шударга байх

3.4 Байгууллага, ажилтнуудын нэр төрийг хамгаалах

3.5 Байгууллага, хувь хүний нууцыг хадгалах, хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх

3.6 Харилцааны өндөр соёлтой байх

3.7 Хариуцлагатай байх

Дөрөв. Ёс зүйн хэм хэмжээ, хориглох зүйл

Газрын нийт ажилтнууд  хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа хамт олон, нийгмийн харилцааны хүрээнд дагаж мөрдвөл зохих сахилга, хариуцлага, зан үйл, харилцааны нийлбэр цогцыг ёс зүйн хэм хэмжээ гэнэ.

  • Ажилтнууд нь газрын бодлого холбогдох бүхий л хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартуудыг дагаж мөрдөн, чанд баримталж, хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах
  • Ажилтнууд нь ашиг сонирхолоос ангид байж, зөрчил бүхий нөхцөл байдалтай эвлэрэшгүй байх, шаардлагатай тохиолдолд холбогдох хэлтэс, алба, нэгжийн удирдлагад мэдээлж, зохих арга хэмжээг шуурхай авч ажиллах
  • Ажилтнууд нь биеэ авч явах талаар байгууллагын нэр хүндийг хүндэтгэн хамгаалж, төлөв төвшин, соёлч боловсон харилцааг эрхэмлэж, иргэдийн итгэл хүндэтгэлийг хүлээж ажиллах
  • Ажлын байранд бүдүүлэг зан авир гаргах бусдыг доромжлох, эрх сүрээр далайлгах, бусдын эрх чөлөөнд халдахгүй байх
  • Удирдах, удирдуулах зарчмыг баримталж, удирдлагын шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, үр дүнг эргэн мэдэгдэж, өөрийн ажлын чиг үүрэгтэй холбогдолтой мэдээллийг удирдлага болон холбогдох албан тушаалтанд цаг алдалгүй шуурхай танилцуулж ажиллах
  • Ажилтнууд нь байгууллагын үйл ажиллагааг гуйвуулан шүүмжлэх, байгууллагын нэр хүндийг санаатай унагаах, үйл ажиллагааг эсэргүүцсэн мэдээ, мэдээлэл тараахгүй байх
  • Ажилтнууд нь ажлын өрөө, тасалгааны эмх цэгц, цэвэрч нямбай байдлыг хангаж, “5S”-ийн зарчмыг баримтлан ажиллах
  • Ажилдаа цагтаа ирж, ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах ба хүндэтгэн үзэх шалтгаан гарсан тохиолдолд байгууллагын “Дотоод журам”-д заасны дагуу албан ёсоор чөлөө, зөвшөөрөл авсан байх
  • Утсаар ирсэн дуудлагыг хүлээн авахдаа байгууллагын нэр, эрхэлсэн албан тушаал, нэрээ байнга танилцуулж, шаардлагатай тохиолдолд холбогдох ажилтантай заавал холбож өгөх, харилцагч тал утсаа тасалсны дараа харилцуураа тавих
  • Байгууллагын ажил үйлчилгээний талаар зохих мэдлэгтэй байж өөрийгөө ямагт хөгжүүлэн, аливаад идэвхи санаачлагатай, бүтээлч хандаж, бусдыгаа манлайлан ажиллах
  • Хамран ажиллагсдаа сонсож, бие биендээ хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, бусдадаа саад болохуйц чимээ шуугиан гаргахгүй байх, гар утасны дууг бусдад саад болохгүй тохируулсан байх
  • Аливаа бодитоор гарсан эсвэл гарч болзошгүй зөрчлийн талаар мэдэгдсэний төлөө түүний эсрэг ямарваа нэг дарамт, шахалт үзүүлсэн аливаа зүй бус арга хэмжээг авахгүй байх
  • Аливаа зөрчил дутагдал, өмч хөрөнгийн ашиглал, шамшигдал гаргах, байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулахаас сэргийлж ажиллана.
  • Ажлын цагийг ажил үүргийн хуваарьт хамааралгүй зүйлд зарцуулах, ажлын цагаар хөгжим сонсох, компьютер тоглоом тоглох, нийгмийн сошиал хэрэгсэл /youtube, facebook/ ашиглахгүй байх
  • Ажилтнууд нь ажил үүргээ биелүүлэх явцад болон ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, бусдад хэрэглэх боломж олгох, хэрэглэсэн байдалтай нэвтрэхийг хориглоно.
  • Бүх шатны удирдах ажилтан нь ажилтнуудаа хууль тогтоомжоос гадуур үйл ажиллагаа, үйлдэл, эс үйлдэл хийлгэхээр шаардах, дарамт шахалт үзүүлэхийг хориглоно.
  • Ажилтнууд нь албан үүргээ биелүүлсний төлөө бусдаас зээл, хууль бус бэлэг, шан харамж авахыг хориглоно.
  • Албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эршээлдээ байлгахыг хориглоно.
  • Ажлын байрнаас зөвшөөрөлгүй ямар нэг зүйл /эд хогшил, техник хэрэгсэл/ гадагш гаргах, хоорондоо солилцохыг хориглоно.
  • Ажилтнууд нь харилцааны соёлтой байж, мэндлэх, хүндлэх ёсыг дээдлэн /инээмсэглэх, уур бухимдлаа барих/ ажлын байранд алдар нэр болон албан тушаалын нэрээр харьцаж, бие биендээ хүндэтгэлтэй хандана.

Тав. Ажилтнуудын биеэ авч явах соёл 

5.1 Ажилтнууд нь албан үүргээ гүйцэтгэж байх үедээ цэвэр үзэмжтэй, төлөв, ажил хэрэгч хувцаслаж, үс засалтад анхаарна.

5.2 Ажилтнуудын ажлын хувцас цэвэр цэмцгэр, хир толбо, үрчлээсгүй байхаас гадна товч, оёдол ханзраагүй, бүрэн бүтэн байна.

5.3  Ажилтан хурц тод өнгийн, этгээд загварын, торон хувцас, хэт задгай цамц, богино юбка өмсөх, бусдын анхаарал татахуйц чимэг зүүлт зүүхийг хориглоно.

5.4 Ажилтан үсээ хурц тод өнгөөр будах, ажлын өдрүүдэд чөлөөт, спорт загвараар хувцаслахыг хориглох

5.5 Ажил үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу хяналт тавих албан тушаалтан нь гэр бүл, төрөл садангийн хүнтэй нэг хэлтэс, алба, нэгжид хамт ажиллах, албан тушаалд дэвшүүлэхийг хориглоно.

5.6 Хамт олны дунд элдэв хов жив, хэрүүл маргаан үүсгэх, нэр төр, албан тушаал хөөцөлдсөн үйлдэл гаргахыг хориглох

5.7 Холбоо барих суурин болон гар утасны дуудлагад  3-5 минутад хариу өгч, гар утсыг байнга нээлттэй байлгана.

Зургаа. Ёс зүйн хэм хэмжээ зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

6.1 Энэ дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн үйлдэл эс үйлдлийг ёс зүйн зөрчил гэнэ.

6.2 Ажилтнуудын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж байгаа эсэхэд ёс зүйн зөвлөл хяналт тавина.

6.3 Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг шалгаж тогтоохтой холбогдсон материал нь байгууллагын нууцад хамаарна.

6.4  Ёс зүйн зөрчил нь гэмт хэргийн болон авилгын шинжтэй бол харъяаллын дагуу шалгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлнэ.

6.5 Ёс зүйн зөрчил гаргасан үйлдэлд сахилгын шийтгэлийг “Ёс зүйн хороо”-ны санал дүгнэлтийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйл, “Хариуцлагын тухай”  журмын дагуу Газрын даргын тушаалаар ногдуулна.

——–оОо——–

ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

  • Энэхүү журмын зорилго нь “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын ажилтнуудын баримтлах ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээд /цаашид “Гомдол, мэдээлэл гаргагч” гэх/-ийн гомдол мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
  • Ажилтнуудын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол мэдээллийг хянан шийдвэрлэхдээ “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль” болон энэхүү журмыг баримтална.

Хоёр. Байгууллагын Ёс зүйн хороо

2.1 Ёс зүйн хороо нь “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын ажилтнуудын ёс зүйн дүрмийг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, түүний үндэслэлийг шалган тогтоож, дүгнэлт гаргана.

2.2 Ёс зүйн хороог Газрын даргын тушаалаар 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулах бөгөөд албан үүргийн дагуу Ёс зүйн хорооны даргаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргыг, нарийн бичгийн даргаар хүний нөөцийн мэргэжилтэн, гишүүдээр хамт олондоо нэр хүндтэй, ёс зүйтэй, шударга, идэвхи санаачлагатай ажилтнуудаас 3 хүнийг тус тус томилно.

2.3 Ёс зүйн хороо нь үйл ажиллагаандаа шударга, хууль дээдлэх, ил тод, хараат бус байх зарчмыг баримтална.

2.4 Ёс зүйн хороо нь дараах эрх, үүрэгтэй ажиллана. Үүнд:

2.4.1 “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын ажилтнуудын баримтлах ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах

2.4.2 Гомдол, мэдээллийг шалгасан тухай дүнг хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар дүгнэлт гаргах бөгөөд энэхүү дүгнэлт нь аливаа гадны нөлөөлөлд автаагүй, нотлох баримтад үндэслэсэн байх

2.4.3  Гомдол, мэдээлэлд холбогдох нэгжийн дарга болон гомдол мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, холбогдох нотолгоо, материал, баримт бичгийг гаргуулах

2.4.4 Энэхүү журмын 1.2-т заасан гомдол, мэдээллээс гадна хэвлэл, мэдээллийн хэрэгслийн мөрөөр түүнчлэн өөрийн санаачлагаар болон байгууллагын удирдлагын шийдвэрээр ёс зүйн зөрчлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах

2.5 Ёс зүйн хороо ажилтнуудын ёс зүйн зөрчлийн тухай мэдээг хагас болон бүтэн жилээр гаргаж, Газрын даргад тайлагнана.

Гурав. Ёс зүйн хорооны дүгнэлтийг хэлэлцэх

3.1 Ёс зүйн хороо дүгнэлтээ Газрын даргад танилцуулна.

3.2 Газрын дарга Ёс зүйн хорооны дүгнэлтийг хянаж үзээд дараах үндэслэлээр дахин шалгуулахаар буцааж болно.

3.2.1 Ёс зүйн зөрчил гаргасан тухай нотолгоо, баримт бичгийн бүрдэл хангагдаагүй хангалтгүй шалгасан

3.2.2 Зөрчил гаргасан албан хаагчтай уулзаж тайлбар аваагүй

3.2.3 Газрын дарга Ёс зүйн хорооны дүгнэлтийн дагуу тухайн ажилтанд сахилгын шийтгэл хүлээлгэх шаардлагагүй гэж үзвэл энэ тухай үндэслэл бүхий шийдвэр гаргаж, холбогдох талуудад мэдэгдэнэ.

Дөрөв. Ёс зүйн хэм хэмжээ зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

4.1 Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн Газрын дарга ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэг, “Хариуцлагын тухай”  журамд заасны дагуу сахилгын шийтгэл ноогдуулна.

4.2 Ёс зүйн зөрчил нь гэмт хэргийн болон авилгын шинжтэй бол харъяаллын дагуу шалгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлнэ.

4.3 Сахилгын шийтгэл хүлээгч нь сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.

——–оОо——–

 

 

Ёс зүйн дүрэм Reviewed by on .   “УЛААНБААТАР ЗАМ ЗАСВАР, АРЧЛАЛТЫН ГАЗАР” ОНӨААТҮГ-ЫН  ЁС ЗҮЙН ДҮРЭМ Нэг. Зорилго “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын нийт ажилтнуудын   “УЛААНБААТАР ЗАМ ЗАСВАР, АРЧЛАЛТЫН ГАЗАР” ОНӨААТҮГ-ЫН  ЁС ЗҮЙН ДҮРЭМ Нэг. Зорилго “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын нийт ажилтнуудын Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube