Home » Мэдээ мэдээлэл » Замын ховилыг хамгийн хямд зардал, технологийн зөв шийдлээр засварлах хэрэгцээ шаардлага тулгарсан

Замын ховилыг хамгийн хямд зардал, технологийн зөв шийдлээр засварлах хэрэгцээ шаардлага тулгарсан

January 30, 2017 10:37 am by: Category: Мэдээ мэдээлэл, Онцлох мэдээ, Үйл явдлын мэдээ Leave a comment A+ / A-

20161221_135543

 “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар“ ОНӨААТҮГ-ын инженерүүдийн санаачлагаар “Дугуй мөрний ховил” нэртэй нэгэн судалгааны ажил эхлээд удаагүй байгаа билээ. Уг судалгааны ажлын талаарх мэдээллийг тус газрын Зам, барилгын ахлах инженер Ж.Батболдоос тодруулсан юм.

“Дугуй мөрний ховил” судалгааны ажлын ач холбогдол болоод уг ажлыг санаачлах болсон шалтгаанаас яриагаа эхэлье.

  • Энхтайваны өргөн чөлөөний авто замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгсэл зорчих болсонтой холбогдон автозамд суулт үүсч, ховил бий болж эхэлсэн. Тэрхүү ховилыг хамгийн хямд зардал, технологийн зөв шийдлээр засварлах хэрэгцээ шаардлага тулгарсан. Учир нь уг ховилоос үүдэж авто зам нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахаа больж цаашлаад осол аваар гарах нөхцөл бүрдээд байгаа юм. Тэгэхээр яг юунаас үүдэж ховил үүсээд байгаа шалтгааныг нь тогтоох зорилготойгоор уг судалгааны ажлыг санаачлан эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл асфальтбетон болон суурины алинаас болж автозамд суулт өгч, ховил үүсээд байгаа шалтгааныг судлан тогтоож, дахин ийм ховил үүсгэхгүйгээр засах боломж, шийдлийг олох зорилготой юм.

Дугуйн мөрний ховил зөвхөн нэгдүгээр эгнээнд үүсч байна гэсэн үг үү?

  • Ихэвчлэн нэгдүгээр эгнээнд үүсч байгаа. Хүнд даацын автомашины хөдөлгөөнөөс шалтгаалж зарим тохиолдолд гуравдугаар эгнээнд үүсч байгаа нь ажиглагдсан.

Судалгааны ажлын багийн бүрэлдэхүүнээ танилцуулахгүй юу?

  • Уг судалгааны ажил хамтарсан багаас бүрдэж байгаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газартай хамтарч ажиллах саналаа өгсөн. Ажлын хэсэгт “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Ж.Чинзориг, Төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Ариунболд, Батглостер ХХК-ийн захирал Э.Ганболд, инженер О.Бямба, Анандын зам ХХК-ийн Б.Эрдэнэ, Эсто ХХК-ий Төсөл хариуцсан захирал Ч.Нямхүү, Замын ерөнхий инженер М.Болор-Эрдэнэ зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй хамтарсан баг бүрдсэн.

Судалгааны ажлын явц ямар түвшинд байна вэ?

  • Судалгааны багынхан маань ажлын төлөвлөгөөгөө батлаад эхний ажлуудаа гүйцэтгээд явж байна. 2017 оны 06 сарын 20 гэхэд судалгааны ажлаа бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнгөрсөн 11 сард Энхтайваны өргөн чөлөө дагуу анхны удаа дугуйн мөрний ховил зорох туршилтын ажлаа амжилттай явуулсан.

Тэгэхээр энэ судалгааны ажлыг цоо шинэ ажил гэж ойлгож болох уу?

  • Ер нь урьд өмнө Энхтайваны өргөн чөлөөний замын дугуйн мөрний ховилыг ингэж онцолж судлах ажил хийгдэж байгаагүй. Ойр зуурын нөхөөс байдлаар засварлагдаж байсан. Авто замын эвдрэлийн шалтгааныг тогтоон тухайн үйлчлэлийг даах чадвартай хучилт болгон засварлах технологийг боловсруулан засварын ажил гүйцэтгэх гэж байгаагаараа шинэлэг юм.

Туршилт амжилттай явагдсан гэлээ. Яг хаана, хэзээ хийгдэж, ямар үр дүн гарсан тухайгаа сонирхуулна уу?

  • 2016 оны 11 сарын 11-ний өдрийн 14:00-14:50 цагийн хооронд туршилт хийсэн. Ингэхдээ Энхтайваны өргөн чөлөөний зүүн дөрвөн замын уулзварын зүүн талд Эскадрилын хөшөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар чиглэлийн зорчих хэсгийн гуравдугаар эгнээний урд талын замын хашлаганд шахагдсан дугуйн мөрний ховилыг асфальтбетон хучилт хүйтнээр зорогч /Wirtgen W1000/ төхөөрөмжөөр хучилтын дагуу чиглэлд, 35 метр урт зорж, туршилт хийсэн. Тухайн үед гадна агаарын температур -8°C байсан. Туршилт маань амжилттай явагдаж, авто зам тэгш гадаргуутай болсон. Зорсон, ховил үүссэн овоолт үүссэн зэрэг авто замын зорчих хэсгийн хучилтаас өрөмдөж дээж авахуулан Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын лабортороор шинжлүүлсэн.

Улаанбаатар хотод суулт өгч, ховил үүсгэсэн ямар хэмжээний зам байна вэ? Энэ талаар та бүхэн судалсан байх.

  • Улаанбаатар хотод 50 орчим км дугуй мөрний ховилтой авто зам байгаа.

Дугуйн мөрийн ховил зөвхөн манай улсын нөхцөлд үүсээд байна уу, аль эсвэл бусад улс орнуудад нийтлэг тулгараад байна уу?

  • Энэ нь бусад улс орнуудын хувьд ч тохиолддог автозамын түгээмэл эвдрэл гэж ойлгож болно. Бид саяхан БНХАУ-ын Нанжин хотод авто зам засвар арчлалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Freetech группийн үйлдвэрлэл судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлаад ирсэн. Тэдний хурдны зам болон хүнд даацын машин зорчдог замуудад дугуйн мөрний ховил маш их үүсдэг юм байна. Түүнийг засварладаг тоног төхөөрөмжүүдийн ажиллагааг бодитоор үзэж сонирхоод ирлээ. Олон механизм цуваа байдлаар ажилладаг юм билээ.

БНХАУ замын ховилоо ямар байдлаар засварлаж байна вэ?

  • Автозамын эвдрэлийг лабораторын шинжилгээн дээр үндэслэн судалж тогтоогоод тухайн замаа ямар арга технологоор засварлахаа шийддэг. Манай орны нөхцөлд ч мөн адил лабораторийн шинжилгээ дээрээ үндэслээд ямар арга, технологи ашиглахаа шийднэ.
  • Улаанбаатар хотын автозамын ашиглагч байгууллагын хувьд иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангах үүднээс засварын ажил хийх боломжгүй үед хүйтэн асфальтбетон хольцыг ашиглах боломжтой эсэхийг судалж байна. Японы Sanou Co.,ltd компани манай байгууллагатай хамтран ажиллах санал тавьсн. Эхний ээлжинд туршилт хийх 200кг хүйтэн асфальт хольц манайд ирүүлэхээр болоод байгаа. Бид туршиж үзээд боломжтой бол хамтран ажиллах юм.

Уг ажлыг цаашид явуулахад байгууллагын ажилтнуудын ур чадвар болоод техникийн хүчин чадал, чадавхийн хувьд ямар байна вэ?

  • Манай байгууллагад олон жилийн дадлага туршлагатай, чадварлаг замын инженер, замчид олон бий. Тэдний мэргэжлийн ур чадвар хангалттай гэж үзэж байна. Харин тоног төхөөрөмжийн хувьд одоогоор байхгүй ч цаашид удирдлагад санал тавих боломжтой.

Ажилд нь амжилт хүсье.

Замын ховилыг хамгийн хямд зардал, технологийн зөв шийдлээр засварлах хэрэгцээ шаардлага тулгарсан Reviewed by on .  “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар“ ОНӨААТҮГ-ын инженерүүдийн санаачлагаар “Дугуй мөрний ховил” нэртэй нэгэн судалгааны ажил эхлээд удаагүй байгаа билээ.  “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар“ ОНӨААТҮГ-ын инженерүүдийн санаачлагаар “Дугуй мөрний ховил” нэртэй нэгэн судалгааны ажил эхлээд удаагүй байгаа билээ. Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Visit Us On FacebookVisit Us On TwitterVisit Us On Youtube